Танилцуулга
|
Хүүхдийг ивээх сан
Хүүхдийн төлөөх үйлсээрээ дэлхийд тэргүүлэгч, улс төр, шашнаас ангид, ашгийн бус, олон улсын бие даасан байгууллага.
Хүүхдийг Ивээх Сан нь анх Англид 1919 онд байгуулагдсан бөгөөд үүсгэн байгуулагч хатагтай Еглантин Жебб нь хүүхдийн эрхийн асуудлыг дэлхийд анх дэвшүүлэн тавьж хүүхдийн эрхийн тунхагийг боловсруулж байсан түүхтэй. Түүний боловсруулсан Хүүхдийн эрхийн тунхаг нь 1924 онд Үндэстнүүдийн Лигээр батлагдаж улмаар 1989 онд Хүүхдийн Эрхийн тухай НҮБ-ын Конвенц болж батлагдан хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн конвенц болоод байна. Тус Конвенцид тунхагласан зарчим, эрх, үүргүүд Хүүхдийг Ивээх Сангийн үйл ажиллагааны цар хүрээг тодорхойлж байдаг. Эгнээндээ 30 орны үндэсний байгууллагыг нэгтгэсэн Хүүхдийг Ивээх Сангийн олон улсын эвсэл нь дэлхийн 120 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг. Хүүхдийг Ивээх Сан нь Монгол Улсад 1994 оноос тасралтгүй ажиллаж байна. 1994-2009 онд Английн Хүүхдийг Ивээх Сангийн, 2009 оноос Японы Хүүхдийг Ивээх Сангийн бүтцэд буй Монгол дахь Хөтөлбөр нь хүүхдийн амьдралд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгох зарчимыг баримтлан, тулгамдаж буй асуудлуудад бодит, системтэй шийдлийг олох арга зүйг эрхэмлэн ажилладаг. “Боловсрол”, “Хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрхийн засаглал” гурван хөтөлбөртэй. Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өвөрхангай аймгуудад салбартай. |
бидний эрмэлзэл
Хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг дэлхий ертөнцийг цогцлоохыг бид эрмэлзэнэ.
|
Бидний эрхэм зорилго
Хүүхдэд чиглэсэн дэлхий нийтийн хандлагад шинэ дэвшил гаргаж, хүүхдийн амьдралд эрчимтэй, тогтвортой өөрчлөлт хийхийн төлөө хүчин зүтгэнэ.
|